Дашдоржийн Бадраа нь
1974 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод Ёндонгийн Дашдоржийн сэхээтэн гэр бүлд хоёр дахь хүү болон төрж, өсөн хүмүүжиж, бага наснаасаа хувь хүний төлөвшлийг олж ээж, аавын сайн хүү, анги хамт олныхоо журмын нөхөр, ажил мэргэжлийнхээ манлайлагч, улс орныхоо шударга боловсон хүчин байсан. Тэрбээр өндөр боловсролтой, мэргэжлийн өндөр ур чадвартай, хүнлэг, даруу төлөв, үнэнч шударга, нийтэч хичээнгүй, дайчин шаргуу, ажил хэрэгч, зорьсондоо хүрдэг, бусдыг манлайлагч, хамт олныхоо дунд нэр хүндтэй, түүний зэрэгцээ гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис гэх мэт олон төрлийн спортоор хичээллэдэг өөрийгөө бүх талаараа хөгжүүлж чадсан монголын банк санхүү эдийн засгийн салбарт цоо шинэ уур амьсгалыг оруулж ирж байсан чин шударга чадварлаг мэргэжилтэн байжээ.
Боловсрол
1982-1992 онд Зөвлөлтийн 3-р дунд сургууль \хуучин нэрээр\
1992-1996 онд МУИС-ЭЗДС-ийн Банкны эдийн засагч мэргэжлээр баклаврын зэрэг
2001-2002 онд Австралийн Канберрагийн Их сургуульд эдийн засгийн хөгжлийн магистрын зэрэг тус тус онц дүнтэй хамгаалсан.
Томилогдсон ажил, албан тушаал
1996-1999 онд Монголбанкинд хянан шалгагч
1999-2000 онд Сэргээн Босголтын банкинд Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч, эрх хүлээн авагчийн орлогч
2002-2004 онд Монгол банкны бодлого зохицуулалтын хэлтсийн захирал
2004-2006 онд Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирал
2006 оны 1 сарын 25-наас Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны даргаар УИХ-аас томилогдон ажиллаж байсан.
Хийж гүйцэтгэж байсан ажил
Санхүүгийн зохицуулах хороог эмхлэн байгуулах
Санхүүгийн салбарын эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх
Хууль зөрчиж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх
Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг шалгах
Шагнал
2004 онд ҮХАҮТ-аас Банк санхүүгийн салбарын оны тэргүүний “Шилдэг менежер”
2004 онд “Нийслэлийн шилдэг залуу” хүндэт өргөмжлөл
2005 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагджээ.
Дашдоржийн Бадраа нь ханьдаа халамжит нөхөр нь, охиндоо хайртай аав нь, аав ээжийн хайртай хүү нь, төрдөө зүтгэлтэй түшээ нь байсан юм.