Санхүүгийн зохицуулах хорооны анхны дарга асан Дашдоржийн Бадраа агсаны үйл хэргийг үргэлжлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор ойр дотны найз нөхөд, ажлын газрын хамт олны төлөөлөл хамтран “Шударга Ёсыг Бадраах Сан” ТББ-ыг 2006 онд байгуулан албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Түүнчлэн сан байгуулагдсанаас хойш өөрийн зорилгын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.
Д.Бадраа агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн зултай, чимээгүй цуглааныг түүний төрөлх сургууль болон ажиллаж байсан албан газруудад зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд талийгаачийн найз нөхөд, ойр дотныхон, шударга ёсыг дээдэлдэг олон мянган хүмүүс хүрэлцэн ирж сэтгэл зүрх нэгтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Д. Бадраа агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний төрөлх сургууль дээр дурсгалын самбар босгож, талийгаачийн төрсөн өдрөөр хүндэтгэн дурсах арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирлээ. Сурлага, сахилга батаар тэргүүний, сурах идэвх санаачлага, хүсэл эрмэлзлэлтэй оюутан залуусыг дэмжих үүднээс “БАДРАА АГСАНЫ НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ийг 2006 оноос хойш 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
Буяны үйл ажиллагааны хүрээнд сангийн гишүүд дэмжигчид Дамбадаржаа дахь өнчин хүүхдийн асрамжийн газар хүүхдийн баярын өдрөөр очин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан хүүхдийн тоглоом, хувцас зэрэг эд материалын туслалцаа үзүүлсэн.